Ханбогд уул

Ханбогд уул

Монгол орны Богд нэртэй гурван зуун уулын нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт оршдог Ханбогд уул юм.

Урьд нь 1924 онд байгуулсан Галба сумын бүрэлдэхүүнд байсан бөгөөд 1932 онд тус уулын нэрээр Ханбогд сум гэж нэрлэжээ. Ханбогд уул нь далайн төвшнөөс дээш 1451 метр өндөр, шүлтлэг боржин чулууны цуллаг шахдасаас  тогтсон. Энэ чулууны насыг 293 сая жил гэж тогтоосон гэдэг. Нэн эртний үеийн ургамал, амьтдын яс, ургамлын навч, загасны мөр загвар олддог. Энэ ууланд 108 булаг рашаан, хоёр зуу гаруй төрлийн эмийн ургамал бий хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Ийм баян тансаг үзэсгэлэн төгөлдөр Ханбогд уулын эзэн нь ширээ цагаан тэмээ унасан ногоон торгон дээлтэй хөрслөг бор охин баруун гартаа лимбэ хөгжим барьж үлээн аялгуулж, тэмээний бөхөндөө хурганы уут өлгөсөн уут дотроос нь аргалын эвэр цухуйсан байдалтай явдаг юм гэнэ. Иймээс энэ нутагт хонь, тэмээ хоёрыг өсгөхөд нэн тохиромжтой гэж үздэг.

Энэ хайрхан уулыг тахихдаа Ханбогд уулын тахилгын сан уншдаг. Тахилгын өмнө буян хишгийн даллага, алтангэрэл номыг 3 хоног уншаад, дөрөвдэхь өдрийн өглөө гягдар эргэж овоогоо ариусгаад тахилга эхлэж, цагаан тэмээг сэтэрлэн, лимбэ хөгжмийн ая дуу өргөдөг байсан гэдэг.

Дорнын их соён гийгүүлэгч, Буддын шашны нууц тарнийн их мастер Монголын театрыг үндэслэгч, зохиолч яруу найрагч 5 дугаар догшин  ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 1828 онд Галбын ууланд гурван хийдийг байгуулах их үүргийг удирдан гүйцэтгэжээ. Энэ үед Ханбогд уулын домогтой холбоотой эмэгтэй хүнийг магтсан эмэгтэй хүний үзэсгэлэн төгөлдөр чанарыг дуулахаар “Үлэмжийн чанар” дууг зохиожээ.

1830 онд зохиогдсон энэ дууны үгийг сийлсэн 4,5 м өндөр, 3,2 м өргөн, 80 см зузаан, 19,7 тонн жинтэй боржин чулуугаар хийсэн дууны хөшөөг Дэмчогийн хийдийн гол хаалганы дэргэд 2008 оны 2 дугаар сарын нэгэнд босгосон билээ.

Ноён хутагтын уулын домогт зориулсан ая дуу анх “Лусад өргөх таван тахил” гэдэг нэртэй байсан гэх боловч сүүлийн зуун жилд “Үлэмжийн чанар” гэдэг нэрээр дэлгэрчээ.

Ахмад багш С.Ренчинхорлоо агсны “Говь нутгийн гайхамшигт” түүх домгууд номноос

demchog 1.JPG12214035_923459317733225_579181579_o.jpgmelhii had 2.JPG

Copyrights © 2020 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.