Говь хэрхэн, юугаар аялах нь таны сонголт боловч найдвартай үйлчилгээ, аюулгүй байдал, олон жилийн туршлагыг харгалзаж мэргэжлийн жуулчны байгууллагуудад хандах нь дээр байдаг. Улаанбаатар хотод говьд аялал зохион байгуулдаг олон тур оператор компаниуд мөн говьд аялалаа өөрсдөө зохион байгуулдаг жуулчны баазууд олон бий.

Хэрэв та урьд нь манай говь нутагт ирж байгаагүй бол, түүний тухай үзэж ,сонсоогүй бол, та говийг зах хязгааргүй элс, тэсвэрлэхэд бэрх халуунаар төсөөлж бас болохгүй юм. Говьд далайн төвшнээс дээш 2835 м хүртэл өндөр уулс, өргөн тал, мод, бутат уудам хөндий, сэрүү татсан баян бүрд байдаг.

Говь нутгаас та найрсаг зочломтгой ард түмэн, нүүдэлчин, малчин амьдралыг бодитоор нь харах болно. Говьд өнөөг хүртэл бүрэн судлаагүй олон зүйл ургамал, шавьж хорхой, амьтад, шувууд бий. Жил бүр Монгол оронд урьд нь бүртгэгдээгүй олон зүйл шувуудыг говиос л олж нээсээр байгаа билээ. Говийн олон саяныг элээсэн хөрсөн доор үлэмж их нөөцтэй, үнэт ховор металл, байгалийн баялаг нуугдсаар л байгаа.

  1. Говьд зундаа дундажаар +20-+24 градус хэм халуун, хамгийн халуун болдог Ханбогд сумын нутагт 7,8 сард заримдаа +30-+35 градус хам халуун болдог. Сэврэй сумын Хонгорын элсний Баруун шургуулын элсэн хонхорт агаартайй +42 градус хэм, хөрсөн дээрээ +65 хэм халуун байх ч үе байдаг. Гэвч энэ халуунд говийн амьтан, ургамал, шувууд, хүн мал дасан зохицож амьдардаг билээ.
  2. Та нарны шил, нарны малгай, нимгэн, сэрүүхэн, цайвар өнгийн хувцастай байхад болно. Гэхдээ ийм их халуун маанв шөнөдөө +8-+10 хэм хүртэл буурч заримдаа гэнэтийн хүйтэн бороо, мөндөр ордогийг мартаж болохгүй. Тэгэхлээр танд өвлийнх шиг зузаан биш ч хөнгөн, их нимгэн биш, дулаан хувцас бас хэрэгтэй. Ихэнх жуулчид говь хангайгаар дамжин аялдаг болохоор ийм хувцас танд хангайд бас хэрэг болно.
  3. Та нарны тосоо мартахгүй аваарай, бас говийн жижиг баян бүрд, уснууд шумуултай учир шумуулаас хамгаалах том бас хэрэгтэй.
  4. Та ууланд аялах бол уулын гутлаа аваарай. Уулын гутал чинь хөнгөн, түрий нь уртхан бол морь,тэмээгээр аялахад тань сайн тохирно. Гэхдээ уулын гутлын арзгар ул морь, тэмээний дөрөөнд хио тохирохыг хөтчөөсөө сайн асуух хэрэгтэй. Мэдээж хөнгөн сэрүүн сандаал,урт өмд бас хэрэг болно.
  5. Говьд бороо бага ордог гэж бодож болохгүй. Заримдаа нэг орохоороо 3-5 хоног ч үргэлжлэн орж онгоц, машин саатах, шавар усанд суух тохиолдол гардаг. Цаг агаар ямар байхыг малчид, орон нутгийн хөтчөөс сайн лавлахад илүүдэхгүй. Ихэнхдээ 7 сарын дундаас 8 сарын сүүлээр хамгийн их борооны үе өнгөрдөг.
  6. Өвөл говьд харьцангуй дулаахан. Хамгийн хүйтэн 1,2 сард өдөрт дундажаар -15-18 хэм, шөнөдөө -20-25 хэм хүрч хүйтэрдэг. Хэрэв та өвөл аялах бол Монголчуудын үндэсний хувцас дээл хамгийн тохиромжтой хувцас билээ

069ea6e5c7d0726de86d62ecf9fcf028_x3.jpgbird watchig tour - Copy - Copy.jpg

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.